Wednesday, October 21, 2009

Цунамийн тухай 10 баримт

Цунамийн тухай 10 баримт
Цунами үүсэх шалтгаан юунд байдаг, түүнийг урьдчилан мэдэж болох эсэхийг тодруулах гэж эрдэмтэд оролдож байгаа юм.


Баримт 1.
“Цунами” гэдэг үг Япон хэлнээс гаралтай. Энэ нь “тэнгисийн булан дахь давалгаа” гэж орчуулагддаг байна. Түрүүнд нь цунамийг таталт, түлхэлтийн давалгаа гэж нэрлэж байсан бөгөөд харин цунами нь түлхэлттэй огт холбоогүй учир, одоо уг нэр томъёо хэрэглэгдэхгүй болжээ.

Баримт 2. Цунами нь ганцхан давалгаанаас биш, харин ар араасаа цуван үргэлжлэх гадаргуугийн хэд хэдэн давалгаанаас бүрдэнэ. Их цунамийн үед давалгаанууд хэдхэн цагийн дотор эрэгт хүрч ирж болох бөгөөд ингэхдээ эхний давалгаа нь заавал сүйтгэлт шинжтэй байх албагүй юм.

Баримт 3.
Олонхи тохиолдолд цунами усан дорхи доргилт, газар хөдлөлтөөс үүсдэг. АНУ-ын геологийн албаны мэдээгээр, Самоад болсонтой адил тийм сүйрэл нь усан дорхи газрын хөрсний 8,0 баллын хүчтэй доргилтоос үүсдэг байна. Хэрвээ газар хөдлөлт хангалттай их хүчтэй байж, хангалттай их хэмжээний ус цалгиулвал цунами үүснэ.

Баримт 4
. Цунамийн барагцаалбал 80 хувь нь Номхон далайд болдог байна.

Баримт 5.
Эртний Грекийн түүхч Фукидид манай эриний өмнөх 426 онд “Полепонессийн дайны түүх” гэдэг номондоо далайн ёроолын доргилт цунами үүсэх шалтгаан болдог тухай таамаглал анх дэвшүүлжээ.

Баримт 6.
Галт уул дэлбэрч, их хэмжээний лаг шавар бууж, сүүлт одууд унаж, усан дор цөмийн дэлбэрэлт хийвэл бас цунами үүсгэж болно. Халуун орны хар салхи юм уу цаг агаарын бусад үзэгдэл ч өөр бусад шалтгаан болдог байна. Хар салхинаас үүдэлтэй цунамийг “цаг агаарын цунами” гэж нэрлэдэг. 2008 онд Мьянмад /хуучин Бирм улс/ ийм цунами болсон юм.

Баримт 7.
Хуурай газрыг нөмрөн орж ирдэг давалгаа асар их өндөр байдаг ч, далайн мандалд цунамийн давалгааны өндөр нь нэг метрээс илүүгүй байх нь олонтоо бөгөөд харин давалгааны урт (давалгааны хоёр нурууны хоорондын зай) нь 190 километрт хүрч болно. Давалгааны хурд нь цагт 800 гаруй километр байдаг нь тийрэлтэт нисэх онгоцны хурдтай адилхан гэсэн үг юм.

Баримт 8.
Цунамийг гүехэн газарт хүрэхэд, давалгаа агшин, урт нь богиносч, харин өндөр нь их болдог байна. Энэ үед давалгааны хурд саарч, гэхдээ л цагт барагцаалбал 80 километрийн хурдтай өнгөрдөг байна.

Баримт 9. Цунами болохыг урьдчилан мэдэх боломж бараг байхгүй. Эргийн дэргэдэх ус гэнэт татардаг хэдхэн минутын өмнө л зарим тохиолдолд сэрэмжлүүлэг өгч болно. Давалгааны “хормой” нь хуурай газарт давалгааны нуруунаас эрт хүрч ирэх үед ийм явдал болдог.

Баримт 10.
Английн 10 настай Тилли Смит охин 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамийн үеэр бараг нэг зуун хүний амь насыг аварсан юм. Цунами болох үед ус эргээс агшин зуур холддог гэдгийг тэр нэг удаа газар зүйн хичээл дээр сонсож, үүнийг аав, ээждээ хэлж, тэд хөршүүддээ энэ тухай ярьсан байна. Цунами болсны дараа тэр НҮБ-д үг хэлж, харин нэг жижиг гарагийг түүний нэрээр “20002 Тиллисмит” гэж нэрлэжээ.

No comments:

Post a Comment