Wednesday, October 21, 2009

Эван Рэйчил Вуд: Мэрилин Мэнсон надад очир алмаазны оронд зураг, дуу бэлэглэдэг

Эван Рэйчил Вуд: Мэрилин Мэнсон надад очир алмаазны оронд зураг, дуу бэлэглэдэг
Холливудын залуухан оддын нэг, рок "мангас" Мэрилин Мэнсоны найз бүсгүй Эван Рэйчил Вуд саяхан Вуди Аллены "Юул болбол болог" нэртэй шинэ кинонд тогложээ.
Түүний зураг загварын сэтгүүлийн нүүрнээс салдаггүй.
Оддын амьдралын элдэв хачныг бичдэг шар хэвлэлүүдээс ч мөн адил. Үүнд нь нэг их гайхаад байх ч хэрэггүй. Учир нь тэрбээр "аймшигт" Мэрилин Мэнсоны хамтран амьдрагч.

Эван хамгийн шилдэг найруулагчдын кинонд тоглодог. Түүний тоглосон кинонууд үзэгч, кино шүүмжлэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг болжээ.
Тэрбээр "Битлз"-ийн дуунуудаар багагүй шуугиан тариад амжсан "Across The Universe" мюзиклд муугүй дуучин болохоо харуулсан. Одоо бараг спортын домог болоод байгаа "The Wrestler" кинонд гол баатрын охин ижил хүйстэн, хар тамхичин бүсгүйн дүрийг бүтээсэн. Ингээд түүний "КП" сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна.

Би өөрийгөө яаж хүндлүүлэхийг мэднэ

-Чи Мики Рурктай ажиллахдаа айгаагүй юу. Хүмүүс түүнийг жинхэнэ мангас гэдэг шүү дээ?
-Огт айгаагүй гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ айж байгаагаа түүнд харуулж болохгүй байсан. Микки Руркт сэтгэгдэл төрүүлж, хүндэтгэлийг нь олж авахын тулд түүний өгзөг рүү нь сайн өшиглөх хэрэгтэй. Мэдээж тойруу утгаар нь л даа. Би үүнийг хийж чадсан. Учир нь би чинь таэквондогийн хар бүстэй. Спортын энэ төрөл намайг өвчин тэсвэрлэж сургасан. Зураг авалтын үеэр нэг удаа би ундааны сав авч түүн рүү шидэх үзэгдэл байсан юм. Тэгэхэд би хэтэрхий чанга барьснаас болж эрхий хуруугаа их том зүсчихлээ. Найруулагч Даррен Аронофски надад эмнэлэгт очиж оёдол тавиулах, эсвэл үлдээд зураг авалтаа дуусгах гэсэн хоёр хувилбар санал болгосон.

Гэтэл Микки түүний хажууд зогсчихсон миний юу гэж хариулахыг хүлээж байв. Түүний хүндэтгэлийг олохын тулд бүхий л хүчээрээ хичээж байсан юм чинь байдаг чадлаараа "Тийм ээ, би үлдэнэ" гээд л хашгирсан. Тэр үеэс л бид найз болцгоосон гэж боддог.

-Бодит амьдрал дээр чи ийм дайчин юм уу, эсвэл зүгээр л зураг авалтын үеэр үү?

-Зураг авалтын үед би арай илүү дайчин байж чаддаг. Бага зэрэг. Ямар нэг онцгой бүсэд орчихсон юм шиг. Бас таэквондогийн ачаар оюун ухааны төвлөрүүлж сурсан. Жүжигчид амжилт олох тусам түүнийг дуулиан шуугиан хүрээлж байдаг. Хичнээн их амжилт олно амьдрал төдий чинээ галзуу болно. Тийм ч учраас надад хэсэг хугацаанд нам гүм байх хэрэгтэй байдаг.

-Чиний амьдралд тохиолдсон хамгийн ухаангүй галзуурал юу байсан бэ?

-Мэнсонтай хамт рок-н-ролл аялан тоглолтод явсан найман cap л хамгийн ухаангүй галзуурал байсан. Би хэнд ч харуулмааргүй газраар явж, үзүүлмээргүй зүйлийг үзсэн. Чухам юу байсныг би хэлэхгүй. Энэ нууцыг би авсандаа аваад орно.

Вуди Аллены кинонд би Скарлетт Йоханнсоныг орлосон

-Чи бүр хүүхэд байхдаа л жүжигчин болсон. Одоо үүнгүйгээр амьдралаа төсөөлж чадах уу?
-Мэдээж. Гэхдээ бас үгүй юм байна. Жүжиглэхгүйгээр амьдралаа төсөөлж чадна, харин алдар нэргүйгээр чадахгүй нь ээ. Бодохоос ч аймаар байна.

-Алдар нэр л чамайг Мэнсонтай танилцуулсан байх?

-Тийм ээ, энэ бол миний хамгийн буурь суурьтай харилцаа. Бидний энэ харилцааг нийгмийн зүгээс маш анхааралтай судалж, ихч сөргөөр хүлээж авсан. Тэд намайг Мэнсон л эвдсэн юм шиг ойлгоод байгаа юм. Миний мэргэжлээрээ хийдэг зүйлийг хувийн амьдралтай минь хольж хутгах нь тэнэг хэрэг л дээ.
Энэ үнэхээр миний уурыг хүргэдэг. Хүмүүс биднийг хамт байгааг хараад толгойд нь үнэхээр тэнэг бодол орж ирдэг. Мэнсонтай уулзаж эхэлснээс хойш бидний эргэн тойронд байгаа зарим нэг хүн ямар тэнэг, ахархан бодолтой болохыг ойлгосон.

-Чи Мэнсонтай яаж танилцсан юм бэ?
-Ер нь бол энэ уулзалт болохгүй байх ёстой байсан л даа. Учир нь бид хоёр чинь жинхэнэ даяанч амьдралтай хүмүүс. Лос-Анжелост болсон тэр үдэшлэгт би очихыг хүсээгүй. Тэр ч мөн адил.
Гэвч бид хоёрыг найз нар маань тийшээ чирээд очсон. Тэгээд бидэнд огт таалагдахгүй орчин байсан учир нам гүм, ганцаараа байж болох нууцхан газар хайж яваад л бие биетэйгээ уулзсан. Эхлээд би түүнийг ердөө таниагүй.
Тэр тайзан дээр байдгаасаа огт өөр байсан л даа. Дараа нь түүнийг уух юм авахаар явахад миний найз надаас "Чи түрүүнээс хойш Мэрилин Мэнсонтай юугаа чалчаад байсан бэ" гэж асуухад би үнэхээр амаа ангайсан. Өөрийгөө тэнэг байдалд орсноо ойлгосон. Тэгээд л бид найзалж эхэлсэн. Нэлээд хугацаанд бид зүгээр л найзууд байж байгаад дараа нь хамт амьдрах болсон.

-Чи Мэнсоны "Алиса" төсөлд оролцож байгаа юу?

-Тийм ээ, би гол дүрд нь тоглож байгаа. Гэхдээ энэ бол хүүхдийн номыг дэлгэцэнд амилуулж байгаа юм биш. Энэ бол Льюисс Кэрроллын өөрийнх нь тухай кино. Тийм болохоор Мэнсонд илүү ойрхон сэдэв л дээ. Тэр Кэрроллын уран бүтээлийг сайн судалж, түүнийг өдрийн тэмдэглэлийг уншсан. Хүүхэд нас, гэнэн томоогүй, сониуч зан гэдэг Мэнсоны сэдэв. Тэр зөвхөн энэ киног бүтээгээд зогсохгүй Кэрроллын дүрийг бүтээж байгаа. Би түүнийг тийм сайн жүжигчин гэж бодоогүй шүү.

-Би түүнээс ярилцлага авч байсан. Тэр их ичимхий, хаалттай хүн шиг санагдсан?

-Энэ ч тухайн нөхцөл байдлаас л шалтгаална (инээв). Бид орчин тойрныхноосоо бага зэрэг ялгаатай. Тийм ч учраас хоорондоо сайн зохицдог байх. Маш ичимхий, дүнсгэр, эсвэл эелдэг байж болно. Бүх зүйл сэтгэл санаа ямар байгаагаас л шалтгаалдаг.

-Тэр чиний хэв маягт нөлөөлсөн үү. Минийхээр бол тэр өөрчлөгдсөн юм шиг?

-Үгүй дээ. Би Мэнсонд таалагдахын тулд өөрчлөгдсөн юм шиг хүмүүст санагддаг байх. Үнэн хэрэгтээ надад ингэх ямар ч шаардлага байхгүй. Би өөрөөрөө л үлдэнэ. Зүгээр л бидний сонирхол ойролцоо, тийм ч учраас бид хамт байгаа. Мэдээж тэр миний өөрөө ч айдаг байсан чанарыг нээхэд нөлөөлсөн. Би одоо өөрийн гэсэн ертөнцөө олж, түүнээсээ таашаал авч байна. Би элдвийн хувцас, загварт дургүй, түргэн хөгшрөхийг хүсдэггүй. Намайг 18 настай байхад миний үеийн охид "Жуси Кутюр"-ийн эдлэлээр гоёдог байлаа. Харин тэр бүгд нь надад огтхон ч таалагддаггүй. Мэнсон надад загварын огт өөр талыг нээж өгсөн. Одоо би "Ланвен", "Оскарде ла Рента", "Армани"-гийн энгийн даашинз л өмсдөг.

-Хамгийн эрэлттэй жүжигчдийг тоглуулдаг Вуди Аллен "Юу л болбол болог" шинэ кинондоо Скарлетт Йоханнсоныг чамаар сольсон?

-Энэ үнэхээр гайхамшиг. Би энэ кинонд Ларри Дэвид (Америкийн алдарт инээдмийн жүжигчин, Эванаас 40 насаар ах)-ийн эхнэрийн дүрд тоглодог. Би хэзээ ч ийм хөгшин, инээдтэй дүрд тоглож байгаагүй.

Би бол галзуу алмаас эрдэнэ


Эваны төрсөн өдрийн өмнөхөн энэхүү ярилцлагыг авчээ.
-Энэ өдөр би Мэнсон, Дарреи болон Микки Руркийн мэдэлд байх болно. Төрсөн өдрөө ийм хүмүүстэй өнгөрүүлнэ гэдэг бага зэрэг аймаар л даа. Аягүй бол би гэртээ харих замаа ч олж чадахгүй болох байх.
-Тэд үнэхээр тийм зэрлэг юм уу, эсвэл зүгээр л дүр эсгэдэг үү?
-Тэд таны бодсоноос ч дор. Секс, хар тамхи, рок-н-ролл гээд л бодоод үз л дээ. Энэ бүхэн таалагддаггүй гэвэл та худлаа ярьж байна.

-Чамд рок-н-ролл үнэхээр таалагддаг гэж үү?

-Миний ах нар намайг бага байхад л рок хөгжмийн ертөнцтэй анх танилцуулсан. Зургаан настай байхдаа би "Пинк Флойд"-ыг сонсдог байлаа. Миний хамгийн дуртай дуу энэ хамтлагийн "Shine On You Crazy Diamond" байсан болохоор найз нар маань намайг бүр "галзуу алмаас эрдэнэ" гэж нэрлэдэг байсан. Алмаас эрдэнэ ч тэр үеэс хойш миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон хэмээн хуруун дахь "Bulgari" бөгжөө эргүүлэнгээ хэллээ.

-Мэнсон чамд алмаас эрдэнэ бэлэглэсэн үү?

-Үгүй. Тэр надад зориулж үнэхээр сайхан зурагнууд зурж, дуу зохиож өгсөн. Энэ бол ямар ч алмаас эрдэнээс илүү.
Эван Рэйчил Вуд 1987 оны есдүгээр сарын 7-нд Хойд Каролинагийн багахан хотод төрсөн. Эцэг нь орон нутгийн театрын захирал байжээ. Долоон настайдаа тэрбээр жүжигчин болохын тулд ээжийнхээ хамт Лос-Анжелост иржээ. 11 настайдаа "Бараг л ид шид" инээдмийн кинонд анхны дүрээ бүтээсэн. "Арван гурав" кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж байжээ.

No comments:

Post a Comment