Wednesday, October 21, 2009

МУИС-ийн захиралын томилгоог хууль бус гэж үзжээ


Монгол улсын их сургуулийн дэргэдэх багш нарын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус сургуулийн захирал С.Давааг хууль бусаар томилогдсон, хууль эрх зүйн хүрээнд чадамжгүй гэж тэд үзэж байгаа юм байна. 2008 оны тавдугаар сард Ц.Ганцогийг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд төрийн албаны хуулинд өөрчлөлт орсноор хүчингүй гэж үзэн дахин сонгон шалгаруулалт хийж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр 2009 оны нэгдүгээр сарын 13-нд тус сургуулийн захирлаар С.Давааг томилсон аж.
Гэтэл энэхүү шийдвэрийг Монгол улсын Төрийн албаны зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон ч одоог хүртэл хүлээж авалгүй өдийг хүрсэн юм байна. Иймээс Монгол улсын дээд боловсролын сургалт судалгааны үндэсний томоохон төв байгууллага жил шахам хугацаанд хууль ёсны удирдлагагүй байж, хэдэн зуун тогтоол шийдвэр хүчингүй болж, төсөв хөрөнгө ямар ч хяналтгүй замхарч байна гэж тус сургуулийн багш Б.Болд-Эрдэнэ, Д.Мөнхтөр, А.Амарзаяа, Д.Энхбат А.Алтбаяр нар мэдэгдэж байна. Мөн есдүгээр сарын 28-ны өдрийн Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны тогтоолоор хууль бус үйлдэл гэдгийг тогтоосон тул салбарын сайд болон төрийн нарийн бичгийн дарга О.Мишигжав нарыг гаргасан алдаатай шийдвэрээ эргэн харахыг хүсэж буйгаа ч тэд илэрхийлж байлаа.

No comments:

Post a Comment