Wednesday, October 21, 2009

Дэлхийн хэлнүүдийн тал нь ойрын үед алга болно

Дэлхийн хэлнүүдийн тал нь ойрын үед алга болно
Буяны үйл ажиллагаа явуулдаг “Ширакийн сан” түгшүүр дэлдэж байна. MIGnews сайтад дурдсанаар, өнөөдөр манай гарагт ярьж байгаа хэлүүдийн бараг тал нь бүр энэ зуунд хэрэглээнээс хасагдаж мэднэ гэж тус сангийнхан мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак болон энэ нөлөө бүхий сангийн бусад удирдагч дэлхийн соёлын болон хэлний өвийг хамгаалахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Бүгд Найрамдах Вануату Улсын араки хэлнээс зээлдсэн “Соросоро” гэдэг нэртэй энэ иж бүрэн саналд дэлхийн соёлын уламжлал, хэл аялгууны тухай мэдээллийн санг нэгтгэсэн цахим нэвтэрхий толь хийх асуудал оржээ. Хэл шинжээчид болон эртний эд өлгий судлаачдын экспедиц давын өмнө магтагдах аюул нүүрлэж буй тэр хэлүүдийн тухай дүрс бичлэгийн тусгай кино хийхээр төлөвлөж байна.
Хөтөлбөр хэрэгжүүлэгчид Африкт онцгой анхаарал хандуулах бодолтой байгаа ажээ. Манай гарагт тарсан 6000 хэлнээс 2000-аас цөөнгүй нь энэ тивд байдаг байна. Сангийн удирдагчид хэлүүдийг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэхэд олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна. Парисын Африкийн соёлын лабораторийн ажилтнууд “Сенеланг” нэртэй дөрвөн жилийн экспедиц зохион байгуулах ажээ. Сенегал улсын хэлний өв энэхүү бүх талын судалгааны зүйл болох юм. Нэг үеийнхний дараа сөнөсөн хэлний тоонд орж мэдэх манай гарагт одоо байгаа хэлүүдийг “архивжуулах” төслийг 2009 оны наймдугаар сард хэрэгжүүлж эхэлснийг дурдах байна.
Кембрижийн их сургуулийн ивээлд хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд шинжээчид үлгэр домог, хууч үг, дуу болон ардын урлагийн бусад бүтээлийг цуглуулж, дуу, дүрс бичлэгийн файлын хэлбэрээр хадгалахыг эртний эд өлгий судлаачид болон цөөн тоот ард түмнүүдийн өөрсдийнх нь төлөөлөгчдөд уриалж байна. Ийм маягаар цуглуулсан бичлэгийг том тоон архивт хадгалах бөгөөд Интернэтээр дамжуулан хүсэлт гаргаснаар хүссэн бүх хүн уг архивт орж болно. Эрдэмтдийн бодож төлөвлөж байгаагаар, эдгээр бичлэгээр аль нэг ард түмний соёл, ахуйн тухай ерөнхий тоймтой болж болно.
Мэргэжилтнүүд Монгол Улсаас Нигери хүртэлх 10 ястанд "даалгавар" өгч, тэдний төлөөлөгчдийг бичлэг хийх бүхий л шаардлагатай зүйлсээр хангажээ. Барасан хэлээр (Колумб улсын нэг нутгийн 2000 хүрэхгүй оршин суугчийн ярьдаг) яригчид, түүнчлэн балбачууд эхний үр дүнгээ танилцуулаад байна. Гэвч зөвхөн бага тархсан ийм хэлүүд эрдэмтдийн санааг зовоогоод зогсохгүй байгаа юм. Тэдний үзэж байгаагаар, гаэль, корн зэрэг Их Британийн уламжлалт кельт хэлүүд “эрсдэлийн бүлэгт” хамаарагдаж байгаа ажээ.

No comments:

Post a Comment