Wednesday, October 21, 2009

Телевизийн нэрт хөтлөгч сураггүй алга болжээ

Телевизийн нэрт хөтлөгч сураггүй алга болжээ
Бразилийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар, гэмт хэргийг сурвалжилдаг тус улсын телевизийн шоуны хөтлөгч нэвтрүүлгийнхээ рейтингийг өсгөхийн тулд захиалгат аллагууд хийлгэсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа гэнэ. Түүнд баривчлах ордер өгсний дараа тэрбээр сураггүй алга болсон аж. Уолез Соза гэгч энэ этгээд тус улсын Амазонас мужийн парламентын гишүүн байсан ажээ. Гэвч өнгөрөгч долоо хоногт тус мужийн хууль тогтоогчид гишүүн байх эрхийг нь хассан байна. Цагдаагийн байгууллага түүнийг эрж хайх ажилд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа гэнэ.
Ингэхдээ Амазонка голын савд байрладаг Манаус хэмээх том хотын нисэх буудал болон бүх замд хяналт тогтоосон ажээ. Албан ёсоор түүнд тодорхой хэрэг тулгаагүй байгаа. Созе ч өөрөө хууль бус зүйл хийгээгүй гэдгээ ч мэдэгдсэн гэнэ. Гэхдээ түүнийг хар тамхи нууцаар хил давуулсан, мөн өрсөлдөгч нарынхаа амийг бүрэлгэхэд хамссан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Төр засгийн удирдлагын зүгээс түүнийг өрсөлдөгч нарынхаа амийг бүрэлгэж нэвтрүүлгийнхээ чансааг өсгөдөг байсан гэж таамаглаж байгаа гэнэ. Учир нь хэргийн газар цагдаа нарыг очихоос өмнө нэвтрүүлгийн зураглаачид хэдийн очоод хамгийн сэтгэл сэрдхийлгэм хэсгүүдийг нь аваад амжчихсан байдаг байж.
Мужийн ассамблей түүний халдашгүй эрхийг хасахын төлөө саналаа өгсөн нь түүнийг үтэр түргэн зугтах шалтаг болсон бололтой. Цагдаа нар түүний байж болзошгүй бүх газраар очсон боловч өнөөдрийг хүртэл олж чадаагүй байгаа ажээ.

No comments:

Post a Comment