Wednesday, October 21, 2009

Ангараг уруу ниссэн хүн хэзээ ч эргэж ирэхгүй

Ангараг уруу ниссэн хүн хэзээ ч эргэж ирэхгүй
Саран дээр газардсан хоёр дахь хүн Эдвин Олдрин ийнхүү мэдэгдэж байна. Хоёр гариг ямар ч тохиромжтой байрлалд байсан Ангараг руу хийх нислэг дор хаяж бүтэн хагас жил үргэлжилнэ. Эдвин Олдрины бодлоор дөнгөж очоод л эргэхийн тулд ийм холын аялал хийх ямар ч шаардлагагүй гэнэ. Энэ бол үнэхээр үрэлгэн алхам хэмээн тэрбээр үзэж байна. Ер нь ч тэгээд тэнд очоод эсэн мэнд эргэж ирэх боломж тун бага. Нэг үгээр зөвхөн нэг талын л нислэг болох аж.
Тиймээс Олдрин Ангараг руу нисэх багийг тэндээ очоод суурьших нөхцөлөөр хангах нь ухаалаг алхам гэж үзэж байна. Тэгээд тэндээ үүрд үлдэнэ. Яг л Европоос Америкт ирсэн анхны суурьшигчид шиг.
Гэхдээ эх дэлхийгээ орхих сайн дурынхан олдох болов уу. Сансар судлагчид олдоно гэдэгт итгэлтэй байна. Олон эрдэмтэн шинжлэх ухааны төлөө ийм алхам хийхийг аль хэдийн зөвшөөрчээ. Гэхдээ энэ нислэг 2030-2040 оноос өмнө болно гэдэг эргэлзээтэй байгаа.
Ангараг руу нисэх сайн дурынхныг 30 настай байхад нь сонгон авлаа гэж бодъё. Тэгээд тэд бодлоо өөрчлөхгүй бол бэлтгэл хийгээд таван жилийн дараа хөөрнө. Үүнээс 30 жилийн дараа буюу тэднийг 65 нас хүрч тэтгэвэрт гарах болоход эргүүлэн авчирч болох юм. Хэрвээ хүсвэл...
Амиа хорлох алхам биш
Олдрины ярьсныг алдартай физикч, зохиолч, Аризоны их сургуулийн профессор Пол Дэвис саяхан дэмжжээ. Тэрбээр "Би НАСА-гийн бага хуралд оролцох үеэр Ангараг дээр суурьших талаар бусад орны мэргэжил нэгтнүүдтэйгээ санал солилцож үзлээ. Бүгд л эерэгээр хүлээж авч байна. Ангараг руу нэг талын нислэгийн билет авахад бэлэн эрдэмтэд хангалттай байсан" гэжээ. Түүний бодлоор энэ нь амиа егүүтгэж байгаа хэрэг ерөөсөө биш гэнэ.

"Агаар мандлаар хамгаалагдсан, хангалттай ус, нүүрсхүчлийн хийтэй, багахан хэмжээний метаны хий бүхий Ангараг гариг нь Нарны аймагт хүн амьдарч болох цөөхөн гаригуудын нэг" гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
Олдрин ч, Дэвис ч эхний ээлжинд хангалттай нөөцтэй болохын тулд Ангараг руу хэд хэдэн багийг зэрэг явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ эргэж ирэхгүй гэсэн бодолтойгоор ахиухан нөөц авах хэрэгтэй. Зуу, хоёр зуун жилийн дараа тэд өөрсдийгөө хангах чадвартай болно хэмээн профессор таамаглаж байна. Мөн тэрбээр дэлхий дээр аймшигт сүйрэл боллоо гэхэд Ангарагийн колони "аврах бүс" болно гэжээ.
Өөр үзэл бодол: Ангарагийнхан бие биенээ ална
Ангарагийн ирээдүйн оршин суугчид тэтгэвэрт гартлаа амьдарч чадахгүй байх магадлал байна. Улаан нүдэн гаригийг өөрийн болгоход ноцтой саад учруулах хүчин зүйл нь тэнд соронзон орон байхгүй. Түүнгүйгээр шинээр суурьшигчид сэтгэл санааны гүн хямралд орно. Үүнийг амьтан дээр хийсэн туршилт харуулжээ.

Оросын эрдэмтэд Ангарагийн орчинг загварчлан бүтээж, дэлхийн соронзон оронгоос бүрэн тусгаарласан нөхцөлд харх дээр туршилт хийсэн байна. Гэтэл тэр хархнууд ямар ч нийгмийн харилцаагүй болж, байнга л зодолдож, ой ухаанаа алдсан аж. Оросын эрдэмтэд соронзон орон үржилд хэрхэн нөлөөлдгийг туршаагүй боловч Японы эрдэмтэд туршжээ. Туршилтад орсон гүрвэлээс зэрэмдэг зулзага, бүр хоёр толгойтой амьтан хүртэл төржээ.
"Аполлон-11" хөлгийнхөн дэлхийгээс холгүй саран дээр соронзон орны нөлөөллийг мэдэрсэн бололтой. Армстронг болон Олдрин дэлхийд бууж ирээд хоорондоо аймшигтай хэрэлдэн, нэг нэгнийгээ бараг л цохиод авах дөхсөн тухай яриа байдаг. Тэгэхээр ирээдүйн ангарагчууд ядаж "гэртээ" хиймэл соронзон талбай үүсгэгчтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 30 жилийн дараа очих хүмүүсийг хоёр толгойтой амьтад угтаж магадгүй л юм.
Улаан гариг дээгүүр хэн нэгэн явж байна
Энэхүү зургийг өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд 275 километрийн өндрөөс авчээ. Одоо тэнд сансрын MRO автомат зонд байрлаж байгаа. Түүний өндөр хүчин чадалтай дуранд Gale тогооны орчим өртжээ. Энэ бүсэд эртний нуур байсан магадлалтай тул эрдэмтэд ихээхэн сонирхдог. Харин одоо энд галт уулын үнсэнд хучигдсан мөсөн цөл байгаа.

Эрдэмтэд уг зургийг томруулан хараад түүний баруун буланд нэгэн сонирхолтой зүйлийг олж харжээ. Одоо энэхүү "нээлт" олон тооны блогоор аялж байна. Хэрвээ сайн анхааралтай ажиглавал сүүдэр бүхий ямар нэгэн босоо биетийг харж болно. Түүний ард үргэлжилсэн мөр. Яг л тэр биет амьд, мөр үлдээн алхаж явсан сэтгэгдэл төрүүлж байна. Сүүдрийг нь сайн ажиглавал уг биет толгой, мөр, хөлтэй аж.
Уг биет ойролцоогоор дөрөв орчим метр өндөртэй. Ангараг дээр татах хүч бага болохоор байж болох л юм. Манай дэлхий дээр хоёр хөлтнүүдээс түүнд дөхөж очих нь "цасны хүн" л байх. Гэхдээ арай намхан гурван метр орчим гэсэн мэдээлэл байдаг.
Зураг дээр дээхэн талд нь ил үү том мөрүүдийг харж болно. Алхаа нь өргөн. Яг л Ангарагийн заан яваад өнгөрсөн мэт.

No comments:

Post a Comment