Wednesday, October 21, 2009

Лиценз, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог хуультай больё


Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /НХХЯ/, Эрдэс баялаг эрчим хүчний яам /ЭБЭХЯ/ хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчин түүний хэрэгжилт” нэртэй уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Уулзалтад оролцогсод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тавигдаж буй хэрэгцээ шаардлага, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилт, түүний үр дүн сэдвээр ярилцлаа. Энэ чиглэлийн бодлого барьж байгаа яамныхан хөдөлмөр хамгаалал аюулгүй орчин гэж юу байдаг, ямар орчин бүрдүүлж юу хийсэн, яриад байгаа зүйл нь иргэдэд хүрч амьдралд яаж хэрэгжиж, ямар үр дүн гарч байгааг мэддэг болов уу. Үр дүн хэмээн ярьж байгаа зүйл нь өнөөдөр манайд огт хэрэгждэггүй. Учир нь, яамныхны яриад байгаа хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал байдаггүйгээс болж бараг өдөр тутам иргэд амь насаа алдах, насан туршдаа тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж байна.
Цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн хэргээс хүний амь нас хохирсон хэргийг автомашины осол тэргүүлж, өндрөөс унасан, худаг гаргаж байгаад живсэн унасан, уурхайн гүнд дарагдсанаас болж амь насаа алдсан хэрэг удаалж байна. Одоогоос арав гаруй хоногийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ”Их-Өргөө” компанид барилгын ажил хийж байсан иргэн долоон давхраас унаж амь насаа алдсан. Гэтэл барилгын гадуур тор татаж, ажиллаж байгаа хүний аюулгүй ажиллагааг хангах ёстой компани бараг л хэн түүнийг болгоомжгүй бай гэсэн юм бэ хэмээн оршуулгын зардалд гаргасан 4.5 сая төгрөгийг ч олгохгүй шүүх цагдаа дээрээ тулаад байна. Тухайн барилгад ажиллаж байгаа иргэдээс гадна гэмгүй явж байсан иргэд компанийн нарийлсан хэдэн төгрөгнөөс болж хохирсон тохиолдол цөөнгүй. Саяхан иргэн Э 2-5 насны хоёр хүүхэдтэйгээ баригдаж буй барилгын хажуугаар явж байтал дээрээс нь шавартай хар цаас унан тархиндаа гэмтэл авсан. Тэрбээр хүүхдүүд дээр минь унаагүй нь бол яах вэ. Тоосго унаагүйд нь баярлах юм гээд сууж байна.
Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа манай улсад ямар байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн сүүлийн 20 хоногийн мэдээ гэрчилнэ. Нийслэлийн Налайх дүүргийн наймдугаар хороонд энэ сарын 15-нд 33 настай иргэн О уурхайн аманд агааржуулалтын системээ шалгахаар ороход олс нь тасарч 29 метр гүн уурхайд унаж амь насаа алдсан.
Гэтэл хэдхэн хоногийн дараа Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт засварын ажил хийж байсан иргэн Б техникийн аюулгүй байдал алдагдсанаас болж гарын шуугаа гэмтээн их хэмжээний цус алдан эмнэлэгт хүргэгдлээ. Тэрбээр шуугаа хүнд гэмтээсэн учир нэг жил дахин ажил хийх боломжгүй болжээ.
Булган аймгийн Дашинчилэн сум Доргонт багийн нутагт энэ сарын 8-нд Шар довын худаг” гэдэг газар “Булган ус” ХХК –нийн гүний худаг гаргаж байсан дөрвөн залуу цаг бусаар амь насаа алдсан. 22-35 насны тэдгээр залуус мөн л хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл огт байхгүйгээс амь насаа алдлаа. Энэ мэт хэргийг тоочсон олон мянган хавтаст хэрэг архивт хадгалаастай байна. Гэнэтийн ослын хохирогчид нь амьжиргааны төвшнөөс доогуур амьдралтай иргэд, олон нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд, хүний асаргаанд байдаг өндөр настнууд байдгийг хяналтын байцаагч нар онцолж байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс нас барсан, гэмтэл авсан иргэдийн 90 хувь нь хийж бүтээх эд үедээ яваа 18-38 насныхан байдаг нь харамсалтай. Манай улсад өнгөрсөн сарын тавдугаар сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсан ч монголын хууль гурван өдөр гэдэг жишгийг дагалаа. Хуулиа хэрэгжүүлэх ёстой байгууллагын эздийн буруугаас хүн гэмтсэн бол 350-600 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрнө. Харин давтан зөрчил гаргавал 1-3 сая төгрөг төлөөд л болох нь тэр. Хэрвээ нас барсан бол гурван жилийн хөдөлмөрийн хөлсийг ар гэрт нь олгодог хуультай. Тухайн иргэн 200 мянган төгрөгний цалинтай бол 7.2 сая төгрөг л авах жишээтэй. Гэхдээ энэ мөнгө тийм ч амар олдохгүй. Үсээ цайтал хөөцөлдсөн хүн л олж авна. Иргэд талийгаачийнхаа ясыг өндөлзүүлээд яахав хэмээн орхидог нь зөрчил гаргасан газруудад олз болоод л үлддэг. Торгууль гэх баячуудын нэг өдрийн зугааны мөнгөний цаана иргэн дахин хэзээ ч нар харахгүй болж, зарим нэг нь насан туршдаа хүний гарт орж үлдсээр байна.
Өнгөрсөн жил хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаанаас болж нас барсан иргэд 52 болжээ. Гэтэл ийм олон иргэн амь насаа алдсаар байхад энэ чиглэлийн асуудлаар шийдвэр гаргах төвшинд НХХЯ-нд хоёрхон хүн ажилладаг аж. Хөдөлмөрийн улсын байцаагч нар улс, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад олон ч тэд акт бичин торгох л эрхтэй. Зохион байгуулж байгаа уулзалтад оролцсон байцаагч нар барилгын компаниудын захирал хятадуудтай ширүүн тэмцэл хийдгээ ярьсан юм. Яагаад хөдөлмөр хамгаалал хангаагүй юм бэ хэмээхэд тэд хариуд нь “Олон зүйл битгий ярь баа. Тийм ямар юм байнаа. Аа яа. Торгуулиа аваад явбаа” хэмээн торгосон мөнгийг нь халааснаасаа гаргаж шидчихээд явдаг аж. Одоогоос таван жилийн өмнө Солонгосын нэгэн барилгын компанид гагнуурын ажилд тусалж байсан залууд хамгаалалтын малгай хүрэлцээгүй аж. Гэтэл техникийн саатлаас болж осол гарч 23 настай залуу гараа гэмтээсэн юм. Тэр нь сүртэй биш, манайхаар бол гүн түлэгдэлт. Гэтэл тус улсын хууль хяналтын байгууллага хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа хэмээн хариуцсан даргыг нь таван жил хорих ял оноож байсан юм. Гэтэл манайд иргэд амь насаа алдаад байхад дээд тал нь гурван сая төгрөгөөр торгодог. Монгол хүний амь гурван сая төгрөг гэж хэлсэнтэй адил бус уу. ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатараас Налайхын уурхайд удаа дараа хүний амь нас хохироод байна. Хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүй тэдгээр газруудыг яагаад хаахгүй байгаа юм бэ хэмээн асуухад “Хүний амьжиргааны үндэс байдаг учир хааж болдоггүй юм” гэсэн хариултыг өглөө. Нэг нь ашиглаж амиа зогоож байгаа, нөгөө нь ашиглуулж амьдарлыг нь тэтгэж байна гээд хүний амь нас хохирсоор байх уу. Хүний амь нас хохирсон хэрэг тоогоо алдаад байхад наад захын шаардлага хангахгүй гээд хаасан уурхайг тоольё гэсэн ч нэг ч байхгүй аж. Уул уурхай, барилгын компани нийгмийн даатгал төлж байгаа тохиолдолд ослын даатгал заавал төлдөг. Гэтэл Баянзүрх дүүргийн ослын даатгалд хийсэн шалгалтаар энэ салбарт ажиллаж байгаа иргэд даатгал төлсөөр байхад дөнгөж нэг хувь нь эргээд хохирсон иргэдэд зарцуулагдсан байх нь хачирхалтай. Монголын ажил олгогч эздийн холбоо ТББ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн багийнхан олон газраар явж байдалтай нь танилцдаг гэнэ. Монгол эзэнтэй уул уурхай, барилгын компаниудад хөдөлмөр хамгаалал гэсэн ойлголтгүй байдаг бол хятадаас бусад гадны эзэнтэй томоохон компаниуд энэ асуудлыг арай чуландлаа гишгээгүй байдаг тухай ярилаа. Торгоод өнгөрөх бус үйл ажиллагаа явуулах лиценз, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог хуультай болсон үед л Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийг мөрддөг болох бололтой. . Айлын гэрээс 12 мянган төгрөг аваад түүнээс нь хоёр мянган төгрөгийг нь үрсэн эмэгтэй 10 жилийн хорих ял авдаг хууль манайд үйлчилж байгаа. Гэтэл буруутай үйл ажиллагаанаас нь болж хүний амь нас хохирсон хэргийн буруутан торгуулаад өнгөрдөг хуулиа өөрчилье.

No comments:

Post a Comment