Wednesday, October 21, 2009

Анатомийн ертөнц

Анатомийн ертөнц
Эхийн хэвлийд бүрдэхээс нь эхлээд төрөх хүртэл хүний биологийн хөгжлийг харуулсан биетийг том шилэн лонхонд хийж хадгалсан үзмэр байдгийг анагаахад сурдаг оюутан найзаасаа нэлээн дээхнэ үед сонсч байлаа. Гэтэл орчин үед хүний биеийг урлагийн содон ертөнц болгоод байгаа нэгэн хүн байна.
Түүнийг Гунтер фон Хаген гэдэг. Өнгөрсөн зун тэрбээр өөрийн "бүтээлүүдээр" Берлин хотноо ээлжит үзэсгэлэнгээ гаргасан нь хэл аманд бишгүй өртсөн ажээ. Энэ удаад тэрбээр хурьцал үйлдэж буй эр эм хоёрын пластинат байрлуулсан нь шашны төдийгүй улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Байсхийгээд л шүүхэд дуудагддаг Хаген өөрийнхөө бүтээлүүдэд ямар нэгэн цензур тавихыг хүсдэггүй хэмээн хариулж байв. Гэхдээ л нас барагсдын цогцсоор орлого олох нь ёс зүйд нийцэхгүй. Дээрх үзмэр
хэрээс хэтэрсний жишээ хэмээн Ногоон намын томчууд дургүйлхсээр байлаа. Мөн иймэрхүү урлаг гээд байгаа зүйл гаж буруу, хуулиас гадуур гэж шүүмжлэгсэд ч цөөнгүй байв. Эхнэр нь Хагений үзэсгэлэнгийн зохион байгуулагч бөгөөд хүмүүсийн эсэргүүцлийг цагаа барсан дэмий зүйл нь гэж үзэж байна. Учир нь тус үзэсгэлэнд "Анатомийн өрөө" хэмээх нэгэн тусгай хэсэг байдаг. Тэнд зөвхөн 16-гаас дээш насныхан л орох эрхтэй. Шуугиан тариад байгаа дээрх үзмэр ч тэр хаалттай өрөөнд тавигдсан ажээ.
Г.Ф.Хаген анх 2001 онд гаргасан үзэсгэлэнгээрээ хэвлийг нь задалж доторх хүүхдийг нь харуулсан жирэмсэн эмэгтэйн пластинат тавьсан нь олны дургүйцлийг нэлээд хүргэсэн. Зарим нэг сүсэгтнүүд Хагений урлагийг байж боломгүй зүйл хэмээн, жигшин зэвүүцэж байлаа.
Гунтер фон Хаген зүгээр нэг хүмүүсийн цогцосны цуглуулга хийсэнгүй. Тэрбээр нялх хүүхдээс азай буурлуудын биологийн хөгжлийг анатомийн бодит үзмэрээр харуулахыг зорьсон байв. Ингэхдээ тухайн үзмэр тус бүртээ өөрийн гэсэн шинж чанарыг гаргаж чадсан нь түүний урлаг ажээ. Хаген хүний их эмч мэргэжилтэй. Тиймээс түүний үзмэрт анагаахын шинжлэх ухааны ач холбогдолтой хэд хэдэн бүтээл байдаг гэнэ.
Тухайлбал тамхичин хүний уушгийг, хорт хавдартай тархийг, хугархай ясыг эрүүл хүнийхтэй харьцуулсан нь анхаарал татдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 200 гаруй үзмэр тавигдсанаас 16 нь бүтэн биеийн пластинат байлаа. Хагений бүтээлийг харахад эхлээд айдаг жихүүдэс төрөхүйц. Гэхдээ түүний гаргасан дүрүүдийг хараад өөрийн эрхгүй сонирхол татах ажээ.
Нэг гайхалтай үзмэр нь өөд өөдөөсөө харж суугаа хоёр хүний дүрс. Холоос харахад яах аргагүй хоёр хүн ширээний ард сууж харагдана. Харин ойртоод сайн ажиглавал нэг хүн гэдгийг нь мэдэж болно.
Хаген хүний араг яс, арьс булчинг салгаж ийнхүү нэгийг ихэрлүүлсэн" байх юм. Хаген анх 1996 онд анхны үзэсгэлэнгээ Япон улсад гаргаж олны хүртээл болгож байжээ. Энэ хугацаанд түүний үзмэрийг 27 сая хүн үзэж сонирхсон байна. Хамгийн хачирхалтай нь үзэсгэлэнг үзсэн хүмүүс дараа нь мастертай холбоо барьж өөрсдийн биеэ хандивлахаа илэрхийлдэг гэнэ. Одоогийн байдлаар нас барсныхаа дараа биеэ Хагений багт хандивлах хүсэлтэй 10 мянгаад хүн байгаа ажээ.
Пластинэшн хэмээх амьд биеийг ийнхүү занданшуулж хадгалах аргыг анх 1977 онд Германы Хайделбэргийн Их сургуулийнхан нээсэн байна. Амьд биеийн өөх тос, бүх шингэнийг юүлээд оронд нь давирхай, силикон шахаж удаан хугацаанд өнгө хэлбэрийг нь алдахгүй байлгах боломжтой. Ингэснээр хүний мах, булчин резин шиг болдог байна. Нэгэнт цогцос хатаж өгөршихгүй, хөшиж бас сулбайж унжихгүй учраас түүнийг эргээд амилуулахад хялбар болдог байна. Хүний бүтэн биеийг пластинатжуулахад ойролцоогоор 1500 цаг зарцуулдаг байна.

No comments:

Post a Comment