Wednesday, October 21, 2009

Майя Плисецкая: Хүний зан чанар хувь заяаны илрэл байдаг

Майя Плисецкая: Хүний зан чанар хувь заяаны илрэл байдаг
Оросын балетын төдийгүй, соёлын билэг тэмдэг гээд танилцуулбал Майя Плисецкаягийн дүр хэний ч сэтгэлд бууна биз ээ. Түүний нэрийг мэдэхгүй хүн үгүй, түүний намтар нь домог, түүний нэрээр нь гарагийг нэрлэсэн, түүний бүжиглэх нь дахин давтагдашгүй, хүрэх аргагүй оргил юм.


Тэрбээр олон балетад бүжиглэж, кинонуудад зургаа авахуулж байсан бөгөөд түүний тухай кино /В.А.Катаняны “Майя Плисецкая” -1964 онд бүтээж, 1981 онд шинэчилсэн, Б.Д.Галантерын “Майя Плисецкая. Таньдаг, бас таньдаггүй хүн” - 1987 он. г.м / хийж, ном гарч байсан, өөрийнхөө тухай бичсэн “Би, Майя Плисецкая” ном нь 11 хэлээр гарч, Орост нэлээд хэдэн удаа хэвлэгдсэн байна. Түүний авсан цол, шагналыг тоолох аргагүй, маш урт жагсаалт гарна. Майя Плисецкая гэдэг нь бараг л нэр биш, цол болсон гэж болно.

Майя Плисецкаягийн амьдралыг баглаа сарнай цэцэгтэй зүйрлэж болох юм. Гаднаас нь харахад үнэхээрийн сайхан үзэмж, тансаг үнэртэй баглаан доторх нов ногоон навчсийнх нь дор хурц өргөсүүд нуугдаж байдаг. 1937 онд Плисецкаяг 11 настай байхад аав нь баривчлагджээ. Михаил Эммануилович Плисецкий Норвегийн Шпицберген аралд ерөнхий консул, “Артикуголь” үйлдвэрийн удирдах ажилтан байжээ. Жилийн дараа Майягийн ээж, дуугүй киноны жүжигчин Рахиль Михайловна Мессерер-Плисецкая баривчлагдав. Аавыг нь буудаж, ээжийг нь эхлээд Бутырын шоронд бага хүүтэй /аавыгаа баривчлагдсанаас хойш хоёр сарын дараа төрсөн/ нь хорьж, дараа нь Казахстанд, эх орноосоо урвагчдын эхнэрүүдийг хорьдог Акмолинын лагерьт хорьсон байна. Майя Плисецкаяг нагац эгч, балетчин Суламифь Мессерер авчээ.

Майя балетчин эгчийгээ дагаж балетад ороогүй юм. Тэр бүжгийн сургуульд бүр 1934 онд элсэн оржээ. Бүжгийн ёсолгооноос түүний хувь заяа шийдэгдсэн гэдэг. “…нэг баярын ажиллагаа болж, намайг цагаан даашинз, цагаан оймсоор, улаан шар үсэнд минь цагаан тууз зүүж гоёлоо. Хуримаа хийх гэж буй сүйт бүсгүй шиг гоё байдлыг минь гутааж байсан цорын ганц зүйл нь бор сандаал байв. 1934 онд намайг орсон жил бүжгийн сургуульд элсэх хүсэлтэй хүүхдийн тоо цөөн байсан юм. Ердөө 30 хүүхэд элсэх өргөдөл өгсөн санагдаж байна. “Стахановын” /А.Г.Стаханов нүүрс олборлолтоор дэлхийн дээд амжилт тогтоож байсан, үлгэр жишээч уурхайчин/ жилүүдэд бүгд л нисгэгч болохыг мөрөөдөж байсан. Элсэлтийн шалгалт дээр охидод ёсолгоо хийх даалгавар өгсөн юм. Миний хийсэн ёсолгоо таалагдсанаар миний хувь заяа шийдэгдэж билээ” гэж балетчин дурсан ярьжээ.

Плисецкая Их театрт 1943 оны дөрөвдүгээр сарын 1-нд орлоо. “Бүжигчнээр орсон өдрөө хэнд ч итгэж болохгүй гэсэн үг байдаг” гэж тэр ярилаа. Залуу бүжигчнийг балетын олны хэсэгт оруулчихав.

Балетын олны хэсэг, “шигшмэл” концертууд, “Үхэж буй хун” үзүүлбэрээс Майя Плисецкаягийн од болон гялалзах ажлын гараа эхэлжээ. “Үхэж буй хун” түүний хамгийн шилдэг уран бүтээл, зүгээр нэг биеийн хөдөлгөөн бус, хөгжмөөр амилсан бүжиг, урлагийн гайхамшигтай бүтээл болсон байна. Энэ үзүүлбэр дэлхий даяар алдаршсан нь учиртай юм.

Майя Плисецкая үсрэлт хийж байхдаа агаарт хэдэн секунд тогтсон нь хүний боломжоос төдийгүй уламжлалт физикийн хуулиас хэтэрч байжээ /энэ ховор чадвараа 1948 онд Б.В.Асафьевын “Бахчисарайн усан оргилуур” дуурийн Заремагийн дүрд тоглохдоо харуулсан юм/.

Бүжиглэж байгаа байдал нь Майя Плисецкаяг балетын чадварын хэмжүүр болгожээ. Гэхдээ тэр хэмжүүр нь яг даган дуурайхад бус, харин ч эсрэгээр өөрийгөө нээж, биеийн хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх мөнхийн үзүүлбэр юм. “Майя Плисецкая” /1964 он/ баримтат кинонд ингэж хэлсэн байдаг: “Та гарын тухай асууж байгаа юм уу… Ер нь бол бүх биеэрээ бүжиглэх хэрэгтэй гэж би боддог. Бүжиглэхэд хөл, бие, толгой, мэдээжийн хэрэг гар гээд бүгд оролцдог. Урьд нь балетад гар чимэг мэт байсан. Харин “Хун”-д гар маш уян налархай болдог. Гар далавч, сэтгэл хөдлөл, айдас түгшүүр болдог. Балетчин бүр далавчийг өөрийнхөөрөө хийдэг. Балетчин бүр өөрийн гэсэн далавчтай байх ёстой. Тэр далавчийг зээлээд авч болохгүй... «Муу байсан ч өөрийн гэсэн онцлогтой байх ёстой» гэж Ваганова хэлдэг” /Ваганова Агриппина Яковлевна 1943-1944 онд Их Театрын балетын асуудал хариуцсан зөвлөх байсан/.

Майя Плисецкая зүгээр нэг бүжиглэж байсангүй, тэр тайзан дээр амьдарч байлаа. Тиймээс бүтээлүүд нь үнэхээрийн сэтгэл татам байдаг.

Майя Плисецкаяг Английн тагнуул гээд сөрөх тагнуулын газрынхан хилийн чанадад аялан тоглолтод нэг хэсэг явуулахгүй байв. Родион Щедрин /Майя Плисецкаягийн нөхөр, хөгжмийн зохиолч, ЗСБНХУ-ын ардын жүжигчинг төрийн шагналт/ намтардаа: “Нэг концертод бэлтгэж байтал Б.М.Ярустовский ирэв. Тэр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны хөгжмийн секторын эрхлэгч байсан юм. “Майя Плисецкая та хоёрыг учиртай гэж бидэнд мэдээллээ. Үнэн үү?” гэж надаас гэнэт асуулаа. “Тэр гайхалтай эмэгтэй. Түүнийг тэгж хэлэх хэрэггүй юм биш үү…”. “Таныг түүнтэй гэрлэх гээгүй гэж найдаж байна, - гэж Ярустовский миний үгийг таслаад, - Та нэрээ дэмий л хөөдөж байна даа” гэв. Родион Щедрин бас нэг “өргөсийн” талаар бичжээ: “Сөрөх тагнуулын газарт Майягийн талаар уул овоо шиг их хов мэдээ очдог байсан тухай тэндхийн ажилтан байсан нэг хүн саяхан бидэнд ярьсан юм… манай унталгын өрөөнд сонсох төхөөрөг суулгасан байжээ… Биднийг нууцаар сонсож байгааг мэдээж таамаглаж байсан л даа. Гэхдээ унталгын өрөөнд гэж арай ч бодоогүй. Залуу гэр бүлийн шүү…”.

Унталгын өрөөнд хүртэл микрофон байрлуулдаг үнэхээрийн хачин үе байжээ.
Майя Плисецкая бүжигтээ ч, амьдрал дээр ч их ил шулуухан хүн байсан. Тиймээс түүнд дайсан болон атаархсан хүн байж л байсан. Ил шулуухан хүн гэдэг нь хүний зүгээр нэг сэтгэл бус, харин сайн хүн болж жүжиглэлгүй бодсон санаснаа хэлдэг хүн юм. “Нэг алдартай балетчинийг “дутуу шарсан шарвин” гэдэг байлаа. Өөр нэгийг нь, олигтой бүжиглэдэггүй, яг л “бааж байгаа нохой” шиг гэж хэлсэн” хэмээн Родион Щедрин дурсчээ. Өөртөө их итгэлтэй хүн л хүнийг ингэж хэлэх байх. Майя Плисецкая чухам тийм л хүн байжээ.

Майя Плисецкая мэргэжлээрээ маш олон жил ажилласан хүн юм. 2000 оны 11 дүгээр сарын 20-нд Их театрт 75 насныхаа ойн баяр дээр өөрт нь зориулан М.Бажерийн тавьсан “Ave Maya” үзүүлбэрийг И.С.Бах, Ш.Гуногийн хөгжим дээр гүйцэтгэжээ. Энэ үзүүлбэрээ Майя 2002 оны 12 дугаар сарын 2-нд Родион Щедриний 70 насны ойд зориулсан их наадмын нээлт дээр бас гүйцэтгэсэн байна.

Майя Плисецкаяг “суут, эрэлхэг, авангард” гэсэн гурван үгээр Францын балетын алдартай шүүмжлэгч Андре Филипп Эрсен тодорхойлжээ.

Эцэст нь Майя Плисецкаягийн тухай хэдэн баримт хэлье. Тэр солгой гартай, тэжээлийн тосонд л дуртай, “тосоо зузаан тавьчихаад гал тогоондоо хөзрөөр мэргэлж суух дуртай” байжээ. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч, май загасанд дуртай байсан. Тамхи татдаггүй, хундага дарсанд л толгой нь өвддөг. Моодноос хоцорно гэж байдаггүй, гоёлдоо их анхаардаг, Парисын загварыг илүүд үзэж, Пьер Карденаар төсөөлдөг байжээ.

No comments:

Post a Comment