Wednesday, October 21, 2009

Монголын ажил олгогч эздийн холбоо ядуурлын эсрэг тэмцэж эхэллээ


Монголын ажил олгогч эздийн холбооноос санаачлан ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны гуравдугаар хэсгийн 250 өрхөд судалгаа хийж, “Их хотын иргэд ядуурлын эсрэг” хоёр сарын аян эхлүүлжээ. Аянг хэрэгжүүлэхээр сонгосон Баянхошууны зүүн салааны хамгийн хойд алслагдсан хэсэгт байрладаг тус хэсэг нь ядуурлын төвшин өндөртэй, хүн амын нягтаршил ихтэй, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд олонтой юм.

Нийт 250 өрхөд судалгаа хийхэд 24 хувь нь долоо хоногт 20 мянган төгрөг, арван хувь нь долоо хоногт 30 мянган төгрөгийг амьжиргаандаа хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Судалгааны явцад ажилгүй 160 гаруй иргэнээс 20-ийг ажилд оруулсан байна. Зүгээр нэг ажилд оруулах биш, өөрийнх нь санал хүсэлтийн дагуу хүссэн ажилд нь оруулахыг хичээж, тухайн иргэнийг харилцааны соёлтой, хөдөлмөрийн гэрээ хийх чадвартай, ажил хөдөлмөрт хандах хандлага сэтгэл зүйг нь бэлдэж, сургах замаар ажил олгогчтой нь холбон өгч тогтвортой ажлын байраар хангах зорилго тавин ажиллажээ. Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 23-24 хувь нь өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, тэдний ажил үйлчилгээгээ тасралтүй, саадгүй үргэлжлүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, бизнесийн зөвөлгөө өгөх зэргээр хамтран ажиллаж, ажлын байр тогтвортой нэмэгдүүлэх боломжыг судласан байна.
Зах зээлийн эдийн засаг нь хувийн хэвшлийн хөгжил, иргэдийн оролцоо, хөдөлмөрийн үр дүнд хөгждөг учраас жижиг дунд үйлдвэрлэл, барилгын салбар, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах нь засгийн газрын бодлогоор зохицуулагдаж байх учиртай. Гэтэл төсөл хөтөлбөр зохиож, хэрэгжүүлэхээр банк санхүүгийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх шатанд бэлэн болгоод очиход шалгуур өндөр учраас зээл бүтдэггүй. Засгийн газрын болон банкны бодлого нэгдэж байж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, иргэд тогтвортой ажилтай байх нь ядуурлыг бууруулах гол алхам болно гэж тус аяныг зохион байгуулагчид мэдээллээ.

No comments:

Post a Comment