Wednesday, October 21, 2009

Сенатын хороо эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг дэмжлээ

Сенатын хороо эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг дэмжлээ
АНУ-ын Сенатын санхүүгийн хороо ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүлийг хамгаалахын салбарын шинэчлэх хуулийн төслийг дэмжжээ.


Олон сая америкчууд эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй аж. Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэднийг даатгалтай болгох нь Обамагийн засаг захиргааны хэрэгжүүлэхийг зорьж буй гол ажлуудын нэг юм. Гэсэн хэдий ч бүгд найрамдахчууд төдийгүй Обамагийн Ардчилсан нам дахь олон хамтран зүтгэгч 800 гаруй тэрбум ам.доллар шаардаж байгаа уг төслийг эсэргүүцэж байгаа.

Энэхүү хуулийн төсөл Санхүүгийн хороогоор орж сайшаагдсан ч хүчинтэй болох эцсийн алхам бас биш. Тус хорооны гишүүн 14 сенатор төслийг сайшаасан бол зургаа нь эсэргүүцсэн байна. Төслийг дэмжсэн сенаторуудын дунд Бүгд найрамдах намын нэг гишүүн оржээ. Тэр нь Мэн мужаас сонгогдсон сенатор Олимпия Сноу. Ингэхдээ Сноу хуулийн төслийг зөвхөн энэ шатанд, тодорхой тайлбартайгаар дэмжиж байгаагаа онцолсон байна. Тэрбээр"Хуулийг батлах үйл ажиллагаа зөвхөн үүгээр дуусахгүй. Өнөөдөр би дэмжсэн, гэхдээ маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ" гэжээ.

Гэхдээ ихэвчлэн Санхүүгийн хорооны байр суурь Сенатын санал хураалтад ихээхэн нөлөө үзүүлдгийг ажиглагчид хүлээн зөвшөөрдөг. Санхүүгийн хороонд бүгд найрамдахчуудыг толгойлдог сенатор Чарльз Грассли ч үүнийг үгүйсгэхгүй байна. Тэрбээр "Энэ хуулийн төсөл эрүүл мэндийн салбарын хяналтыг төрийн мэдэлд бүр ч их оруулах болно" хэмээн мэдэгджээ.

Обама өмнө нь улс орондоо эрүүл мэндийн үйлчилгээний үнийн өсөлтийг хязгаарлаж байхын тулд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатайг сенаторуудад тайлбарлаж байсан. Тэрбээр Америкт ихээхэн газар аваад байгаа хувийн даатгалын компаниудын даатгахаас татгалздаг, хүнд өвчтэй хүнтэй гэрээгээ цуцалдаг явдлыг хориглох санал тавьж байна.

No comments:

Post a Comment