Wednesday, October 21, 2009

Берлусконигийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй

Берлусконигийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй
Италийн Фемида тус улсын ерөнхий сайд Сильвио Берлусконигийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх гэж байгаа гэнэ. Хуулийн байгууллагууд түүнийг өмнө нь авлигаас авахуулаад хэд хэдэн хэрэгт шалгах гэхээр ерөнхий сайдын халдашгүй эрхийн тухай хууль тээг болдог байжээ. Берлускониг эсэргүүцэгчид хуулийн өмнө бүх хүн эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа гэнэ. Хэрэв Берлускони шүүхийн өмнө ялагдал хүлээвэл огцрох өргөдлөө өгөхөөс аргагүйд хүрнэ гэж түүний тэргүүлж байгаа засгийн газрын зөвлөхүүд нь үзэж байгаа талаар "BBC" мэдээлэв.
Тус улсын Үндсэн хуулийн цэц Берлусконигийн халдашгүй эрхийн талаарх тогтоолоо энэ пүрэв гаригт гаргана гэсэн таамаг байна.
Хоёр хоногийн өмнө Милан хотын Иргэний шүүх Сильвио Берлусконийг авлигын хэрэгт сэжиглэсэн аж. Түүний гэр бүлийн эзэмшилд байдаг "Fininvest" компаниас хэвлэлийн "Mondadori" группийн хяналтын багцыг авахдаа хахууль өгсөн гэж таамаглаж байгаа гэнэ.
Сануулахад, 2008 оны зун Италийн төр засаг болон парламентаас улс төрийн элит хэсгийг шүүхийн аливаа ажиллагаанаас хамгаалах тухай хуулийн төслийг сайшаасан нь нэлээд шуугиан тарьсан билээ. Уг хуулиар тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын хоёр танхимын дарга гэсэн дөрвөн хүнийг алба хаших хугацаанд нь хамгаалах байжээ.
"Урт хэлтнүүд"-ийн ярьж байгаагаар, тэрхүү хуулийн төслийг Берлусконид зориулж боловсруулсан гэнэ. 73 настай хэвлэлийн магнат Берлусконийг олон жилийн туршид авлигалын болон татвараас зайлсхийсэн, улс төрийн намыг хууль бусаар санхүүжүүлсэн гэх хэргүүдэд буруутгаж байсан юм.
Харин тус улсын ерөнхий сайд өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа ажээ. Үүнийг хууль сахиулах байгууллагуудын зүгээс түүн рүү чиглэсэн ан гэж үзэж байгаа гэнэ. Улс төрд олон жил зүтгэхдээ 2500 шүүх хуралд оролцож, 587 удаа цагдаагийн хэлтэст дуудагдсан гэдэг тооцоог Берлускони ярьжээ. Мөн шүүхийн зардалд 174 евро үрсэн гэж тооцоолсон гэнэ.

No comments:

Post a Comment