Wednesday, October 21, 2009

Иран хоёр Солонгосын хооронд зуучлахад бэлэн

Солонгосын хойгийн цөмийн маргааныг намжаах үүднээс Иран улс хоёр Солонгосын хооронд зуучлагчаар ажиллахад бэлэн гэж Ираны ГХЯ-ны сайд Манучер Моттаки мэдэгджээ. “Солонгосын хойгт энх тайван тогтоох тухай Солонгос хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлыг Иран улс нааштай хүлээн авч, тус хоёр улсын хооронд зуучлагчаар ажиллан хамгийн үр дүнтэй гэсэн ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж Моттаки хэлснийг Ираны ИРНА мэдээллийн агентлаг уламжилжээ.
Ираны ГХЯ-ны сайд бямба гарагт Тегеран хотноо Өмнөд Солонгосын ГХЯ-ны орлогч сайд И Ён Жонтой уулзахдаа дээрх мэдэгдлийг хийжээ. “Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт тийм ч тогтвортой биш байгаа. Цаашид Иран, Өмнөд Солонгос улс хамтын ажиллагаагаа улам тогтворжуулна гэдэгт найдаж байгаа” гэж Моттаки хоёр улсын харилцааны талаар ярихдаа ингэж хэлжээ.
Түүнчлэн Афганистанд хэрэгжүүлж буй эрүүл мэнд, хөгжлийн тухай төслүүд дээр Иран улс Өмнөд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг Моттаки уулзалтын үеэр илэрхийлжээ. "Бид Иран улстай эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхийг хүсч байна. Үүнээс гадна хамтран төслүүд хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа" гэж Өмнөд Солонгосын дипломатч хариу мэдэгджээ.
Энэ сарын эхээр Ираны нефть, хийн “Парс” компани Өмнөд Солонгосын “Жи-Эс” компанитай хий боловсруулах тухай 1,2 тэрбум долларын хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрийн дагуу хоёр тал Ираны Бушер мужийн Ассалое гэдэг “Парс” компанийн хий боловсруулах орд газар хамтран ажиллах юм.

No comments:

Post a Comment