Wednesday, October 21, 2009

Хятадад шинэ томуугийн эхний хохирогчийг бүртгэв

Хятадад шинэ томуугийн эхний хохирогчийг бүртгэв
Хятадад А/Эйч1-Эн1 томуугаар нас барсан эхний тохиолдол мягмар гарагт бүртгэгдлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлжээ.
Түвдийн Лхас хотын Майжокунгар дүүрэгт оршин суудаг 18 настай эмэгтэй шинэ томуугийн халдвараар ням гарагт нас барсан нь Хятадын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн томуугийн улмаас нас барсан анхны тохиолдол болов гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Нас барсан эмэгтэй өндөр халуурч, ханиалгах зовиуртайгаар эмнэлэгт хэвтсэн ч маргааш нь нас баржээ. Хятадын Эрүүл мэндийн яам түүнийг шинэ томуугаар нас барсан гэдгийг нотолсон ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Хятадын Засгийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нас барсан өвчтөнийхөө талаар мэдээлж, нас баралт бүртгэгдсэн бүс нутагт 200 мянган тун вакцин илгээсэн байна. Хятадын нийт нутагт мягмар гарагийн байдлаар шинэ томуугийн вирусийн халдвар авсан гэх 21453 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 78,7 хувь нь эдгэрсэн гэдгийг тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

No comments:

Post a Comment