Wednesday, October 21, 2009

мэдээ


Савангийн дуурьт хөтлөгдөж, харийнханд хөл алдсаар байх уу

1227051920718
Савангийн дуурь буюу олон ангит киног нийгмийн амьдрал ядуу, хөгжил буурай орны иргэд үздэг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дэлхий дээр энэ мэт үзэгдэл амьдрал туйлын хэцүү Латин Америкт түгээмэл бөгөөд ерээд оноос хойш монголчуудыг байлдан дагуулаад байна. Эндээс улс орны маань амьдрал ахуй, ард олны боловсрол ямар байгааг бэлхнээ харж болно. Үзэх нь бүү хэл яг дуурайлган кино бүтээж байгаагийн нэг нь М.Эрдэнэбат зохиолыг нь бичиж, УДЭТ-ын жүжигчин Т.Хулан тэргүүтэй хэсэг залуус “Сарны нулимс” олон ангит кино.
Жүжигчин Т.Хулангаас бусдыг эс тооцвол энэ киноны уран бүтээлчид сумын сургуулийн багт наадмын хэмжээнд жүжиглэсэн гэхэд болно. Энэ нь өнөөх манайхныг байлдан дагуулаад байгаа Солонгосын олон ангит киног дуурайж мөнгө олох гэсэн арга болохоос савангийнхаа дуурийн утга учрыг нь ч ойлгосон юмгүй. Үүн лугаа адил Солонгосын захын хэсэг залуус өөрсдөдөө тохирсон зах зээлээ эрж, амьдрах аргаа олдог аж. Түүнээс биш тэднийг жинхэнэ дэлгэцийн урлаг хэзээ ч хүлээж авахгүй.
Тэдний зах зээл нь Солонгосын гэрийн эзэгтэй нар байдаг. Эзэгтэй эзэгтэйдээ нөхрийнхөө хоолыг хийж гэрээ цэвэрлэхээс өөрийг сурч мэдээгүй, үзээгүй тийм зах зээлд зориулан уг савангийн дууриа бүтээдэг. Үнэндээ бол солонгос эмэгтэйчүүд эзэгтэй нэртэй боол байдгийг бид мэдэх. Тэд гараад театрт үзвэр үзэх, олонтой нийлж, нүд тайлах эрхгүй шахам байдаг. Тийм ч учраас гэр зуурын эх захгүй ажлаас түр хөндийрч алжаалаа тайлах хэрэгсэл нь энэ олон ангит кино.
Ерээд оноос хойш маш олон кино монголын киноны зах зээлд нэвтэрсэн. Энэ бүгдийг дурьдахад багагүй цаг орно. Харин өнгөрсөн долоо хоногт саяхан бидний сэтгэхүйг угаагаад дууссан “Эхнэрийн урхи” олон ангит киноны гол дүрийн жүжигчин Ун Жэ буюу Чан Сон Хи, “Зоригт эрийн түүх” киноны гол дүр Ким Ду Хан буюу Ан Жэ My нар болон Солонгосын ардын хөгжмийн хамтлаг, рок попын төлөөлөл хүрэлцэн ирж “Юм үзэж, нүд тайлаагүй” биднийг хөл алдахад хүргэв.
Солонгостоо ч нэр нь түгээгүй, гэрийн хэдэн авгай нар л таних хэдэн жүжигчин ирээ л биз, тэнд хөл алдахын хэрэг юун. Үүнээс олон жилийн өмнө 1995 онд Венесуэлийн телевизийн “Халтар царайт” хэмээх олон ангит кино нийт түмнийг байлдан дагуулж, түүнийг үзэх гэж амиа алдаж байсан түүх ч бий. Мөн киноны гол дүрийн жүжигчин бүсгүй манай улсад айлчлахад дарга цэрэггүй хөл алдаж, тосч бие засуулах нь халаг буцаасан.
Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс ирээд Улсын сайн малчин Б.Хэнмэдэхэвийнд зочилж ахуй цагт манай улсын Ерөнхий сайд нисдэг тэрэг хөлөглөн очиж байсан. Дэлхийд данстай жүжигчин ирэх нь урлаг болон ард түмэнд сайн талтай ч тэнд бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд очих ч гэж, яах гэсэн юм бол доо. Ийн Холливудын жүжигчнийг ирэхэд бид хөл бүү хэл толгойгоо алдсан түүхтэй дэлхийд ганцхан улс орон. Гэтэл 2000-аад оны эхээр юмсан уу, Солонгосын “ВаВу Vox” хэмээх охидын хамтлаг ирж, ард түмнийг төдийгүй хотын удирдлагуудын “Зүрхийг сугалж, нийслэлийн төвд хүртэл газартай болоод буцсан. Хамт амьдраач гэж урьсан хэрэг үү. Эсвэл…Ойлгох юм алга.
“Битлз” шиг бүр болъё, ид дэлхийд мандаж байгаа “Coldplay”, “Pyssycat dolls” юм уу, дэлхий дахинаа “ВаВу Vox” гээд хашгирдгийг мэдэхгүй юм байна. Монгол Улс гэдэг нэгэн цагт дэлхий дахиныг эзэлж, хатдын сайхан, эрсийн сайныг шилж, торго дурданд хөлбөрч явснаас харийн хэн ч мэдэхгүй нэгний өмнө ийн хөл, толгой алдаж явсан түүх байсангүй. Аливаа улс орны урлаг соёлд даган дуурайх, авах зүйл их байгааг үгүйсгэх аргагүй. Бид хилийн цаанаас л ирсэн бол тэр “тэнгэрээс унасан” мэт ойлгож, даган гүйх нь төвөгтэй. Манай нэгэн яруу найрагчийн тайлан тоглолтод Солонгосын “Тэнгэрийн жим” нэртэй хамтлаг ирснийг уншигч авхай та санаж буй.
Манай урлагийн байгууллагынхан хөөцөлдөж байж МУСТА цол олгож, нүдний булай болсон. Монгол Улсад насаараа дуулж нэрд гарсан уран бүтээлч ч өнөөхийг нь аваагүй байхад бид ингэх ч гэж дээ хэмээн толгой сэгсэрч суусан гунигт өдөр одоо ч сэтгэлээс үл гарнам. Бидний өгөх авах ч дүүрчээ, “Тэнгэрийн жим”-ийн энгэртээ зүүж очсон манай эрхэм шагналыг хараад учир мэдэх солонгосчууд ёстой л “Үхэр монголчууд” юм даа гэж доромжилсон байх даа гэж бодохоос ч халширна. Өнөөх “Хааны сангаас хишиг хүртээнэ” гэдэг шиг юм болсон.
Тэд Монгол Улсад юу хийсэн болоод улсынхаа урлагийн дээд шагналыг өгч байгаа хэрэг вэ. Үүнийг хойш тавиад савангийн дуурийнхаа хэсэгт очиход мөн л олон гунигт түүхийг өгүүлэх болно. Өнөөдрийн охид залуус яг л олон ангит кинонд гардаг хүмүүс шиг хувцаслаж, тэдэн шиг аяглаж явна. Бүр тэдэн шиг дурлаж, үхэж, сэхэж явааг харахад улсын маань эмгэнэл юм даа гэхээс өөрийг өгүүлж эс чадна. “Гурван марал од”-ын гол дүрийн бүсгүй Сү Ён, “Зоригт эрийн түүх” киноны гол дүр Ким Ду Ханыг дуурайн хувцасласан охид, залуус гудамжаар нэг болсон. Олон ангит кино эхэлсэн цагаас хойш өнөөх л киноны тухай, өглөө ажилдаа ирсэн ч өнөөх л савангийн дуурийн тухай, гудамжинд, нийтийн унаанд, уушийн газар гээд бүгд солиорчихоогүй баймаар даа гэмээр цаг үед амьдарч дуусгах нь. Бидний амьдарч буй цаг үе бол яах аргагүй шилжилтийн үедээ орох байх. Гэхдээ л 20 жил гэдэг савангийн дууриас салах нь бүү хэл дэлхийн тавцанд киногоо гаргачих цаг хугацаа.
Одоогоос нэг сарын өмнө хэсэг кино судлаач болон телевизийн ажилтнууд ярих нь манайх гадаадаас сайн киног нь авах гэхээр мөнгө байдаггүй учир өнөөх гэрийн авгай нарын үздэг савангийн дуурийг авахаас өөр арга байдаггүй, өөр яах билээ хэмээн ярьж сууна. “Авахаа л больё” гэж нэг ч судлаач дуугарсангүй нь харамсалтай. Угтаа бол судлаач, шүүмжлэгчид гэдэг урлагаа цэвэршүүлж, өт хорхойг нь түүж байх ёстой атал ийн хээв нэг хэлж суугааг сонсоод хэзээ нэгэн цагт савангийн дууриас салах эсэхэд эргэлзэнэ. Үүнийг гадаадад зөвхөн гэрээс гарах эрхгүй айлын авгай нар үздэг болохоос биш манайхан шиг найман настай балчраас эхлээд 80 настай буурал нь хүртэл зэрэгцэн суугаад уулга алдан үздэггүй л байх.
Савангийнхаа дуурийг эмч, багш, инженер, бүр оюун сэтгэхүй нь арай өөр зүйлд ажиллаж, түүний төлөө тэмцэж байх ёстой урлагийн салбарынхан, тэр дундаа яруу найрагчид хүртэл үзэж суугааг харлаа. Ийм бэлэн бөгөөд өлөн бантан ам руу халбагдаж хийгээд байвал ард түмэн хэзээ ч театр орохгүй, хэзээ ч номын сан орохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Үүнд арга байхгүй биш байгаа. Төрөөс тусгай бодлого явуулж, ард түмнийхээ оюун санааг цэвэрлэх цаг болсон гэдгийг ч дурдая. Та бүгд л бодлого гаргаж, олонд хүргэхийг хязгаарлачихвал болох нь тэр, өөр юу нэхэх вэ. Эдгээрийн оронд өөрсдөө аятайхан олон ангит кино хийчих байлгүй дээ. Амьдрал туйлын ядуу, урлаг мөхөс Латин Америкчууд л үздэг болохоос дэлхийн аль ч улс оронд ийм киног үзэхгүй. Тэр Англи, Франц, Герман, АНУ-д бол ийм зүйл байдгийг урлаг судлаачид нь л мэдэх байх. Савангийн дуурьт хөтлөгдөж, харийнханд “хөл алдсан” ард түмний оюун санаа иймхэн л байна даа.

No comments:

Post a Comment